Агуулга
1.Ерөнхий нөхцөл
1.1. Энэхүү Үйлчилгээний нөхцөл (цаашид "Нөхцөл") нь Зеро Технологи ХХК (цаашид "Компани") болон “Haga” мобайл аппликейшн, вэб платформ (цаашид "Платформ")-ыг ашиглаж буй Хэрэглэгчийн хоорондын харилцааг зохицуулна.
1.2. Платформ нь Ажил олгогч болон Ажилтныг холбох цахим зуучлалын үйлчилгээ юм. Компани нь Ажил олгогч, Ажилтан хоёрын хооронд байгуулагдах хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх гэрээний тал биш бөгөөд зөвхөн тэдгээрийг холбох мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлнэ.
1.3. Хэрэглэгч бүртгүүлэхдээ "Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна" гэсэн сонголтыг хийснээр Нөхцөл хүчин төгөлдөр болно. Нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол Платформыг ашиглах боломжгүй.
1.4. Хэрэглэгчийн хувийн мэдээллийг Платформын Нууцлалын бодлогоор зохицуулна. ХУР системээс мэдээлэл татах, Ажил олгогчид мэдээлэл харуулах зөвшөөрлийг Нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр биш, Нууцлалын бодлогод заасны дагуу тусад нь авна.
1.5. Хувийн мэдээлэлтэй холбоотой асуудлаар Нөхцөл, Нууцлалын бодлого хоёр зөрвөл Нууцлалын бодлогыг баримтална.
2.Нэр томьёо, үг хэллэгийн тайлбар
2.1. Нөхцөл болон Нууцлалын бодлогод хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
- "Хэрэглэгч" гэж Платформыг ашиглаж буй Ажилтан болон Ажил олгогчийг;
- "Ажилтан" гэж ажил хайх зорилгоор Платформд бүртгүүлсэн хувь хүнийг;
- "Ажил олгогч" гэж Платформд ажлын зар нийтэлж, ажилтан хайж буй хуулийн этгээд, хувь хүнийг, түүний нэрийн өмнөөс Платформыг ашиглах эрх бүхий төлөөлөгчийг;
- "Ажлын зар" гэж Ажил олгогчийн Платформд нийтэлсэн ажил, ээлж, түүний нөхцөлийн талаарх мэдээллийг;
- "Ажлын хүсэлт" гэж Ажилтан тодорхой Ажлын зарыг сонгож, Ажил олгогчид илгээсэн хүсэлтийг;
- "Ээлж" гэж Ажлын зарын дагуу тодорхой огноо, цагт гүйцэтгэх ажлыг;
- "Бүртгэл" гэж Хэрэглэгчийн Платформд үүсгэсэн хувийн хэсгийг;
- "ХУР систем" гэж төрийн мэдээлэл солилцооны системийг;
- "ДАН систем" гэж иргэнийг цахим орчинд таньж баталгаажуулах төрийн системийг;
- "Гуравдагч этгээд" гэж Компани, Хэрэглэгчээс бусад, Платформын үйлчилгээтэй холбогдон оролцож буй хувь хүн, хуулийн этгээд, төрийн байгууллагыг;
- "Нууцлалын бодлого" гэж Платформ дахь хувийн мэдээллийг хамгаалах баримт бичгийг.
3.Оюуны өмч
3.1. Платформын программ хангамж, эх код, дизайн, лого, нэр, Компанийн бүтээсэн контент нь Компанийн оюуны өмч бөгөөд зохиогчийн эрх, барааны тэмдгийн тухай хууль тогтоомжоор хамгаалагдана. Тэдгээрийг Компанийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, өөрчлөх, тараахыг хориглоно.
3.2. Хэрэглэгчийн оруулсан контент (профайл зураг, танилцуулга, Ажлын зар, лого)-ын эрх Хэрэглэгчид хадгалагдана. Компани түүнийг зөвхөн Платформын үйлчилгээ үзүүлэх хүрээнд байршуулж, харуулна.
3.3. Ажил олгогч Ажлын зартаа ашиглаж буй нэр, лого, зургийг ашиглах эрхтэй болохоо баталгаажуулна.
4.Бүртгэл ба Ажилтны эрх, үүрэг
4.1. Ажилтнаар 18 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай [Монгол Улсын иргэн] системээр өөрийгөө баталгаажуулж бүртгүүлнэ. Нэг хүн нэг Бүртгэл үүсгэнэ.
4.2. Ажил олгогч хуулийн этгээд бол улсын бүртгэлийн дугаараараа баталгаажуулж, түүнийг төлөөлөх эрх бүхий хүн бүртгүүлнэ.
4.3. Хэрэглэгч бүр Бүртгэлдээ үнэн зөв мэдээлэл оруулж, өөрчлөгдвөл шинэчлэх, нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн кодоо бусдад өгөхгүй байх, Бүртгэлээ бусад этгээд ашигласан гэж үзвэл Компанид даруй мэдэгдэх үүрэгтэй.
4.4. Хэрэглэгч Платформыг ашиглахдаа дараах үйлдлийг хийхийг хориглоно:
- бусдын нэрээр, эсхүл хуурамч мэдээллээр бүртгүүлэх, Бүртгэлээ бусдад шилжүүлэх, худалдах;
- бусад Хэрэглэгчийн мэдээллийг автоматаар цуглуулах, хуулбарлах, Платформоос гадуур хадгалах, тараах;
- Платформын систем, сүлжээнд зөвшөөрөлгүй нэвтрэх, эмзэг байдлыг шалгах, вирус, спам илгээх, хэт ачаалал үүсгэх;
- бусдыг дарамтлах, доромжлох, заналхийлэх, ялгаварлан гадуурхах;
- Ажилтнаас ажилд оруулахын тулд мөнгө, барьцаа, бичиг баримтын эх хувь шаардах;
- Компанийн ажилтан, төлөөлөгч мэт дүр эсгэх;
- Платформыг хууль бус, залилан мэхлэх зорилгоор ашиглах.
4.5. Ажилтны эрх:
- Ажлын зарыг үзэж, сонгосон зардаа Ажлын хүсэлт илгээх;
- Ажлын хүсэлт илгээх бүрд аль мэдээлэл тухайн Ажил олгогчид харагдахыг урьдчилан харж, зөвшөөрөх эсэхээ шийдэх;
- илгээсэн Ажлын хүсэлтээ Ажил олгогч баталгаажуулахаас өмнө буцаах. Буцаасан үед Ажил олгогчийн тухайн Ажилтны мэдээлэлд хандах эрх хаагдана;
- Ажил олгогчийн зар, үйлдэл Нөхцөлийг зөрчсөн гэж үзвэл Компанид мэдэгдэх;
- Нууцлалын бодлогын 6-р хэсэгт заасан хувийн мэдээллийн эрхээ эдлэх;
- Бүртгэлээ хүссэн үедээ устгах.
4.6. Ажилтны үүрэг:
- Ажлын хүсэлт илгээхээсээ өмнө ажлын хөлс, цаг, байршил, шаардлага зэрэг Ажлын зарын нөхцөлтэй бүрэн танилцах;
- Ажил олгогч баталгаажуулсан Ээлжинд цагтаа ирэх, ирэх боломжгүй бол Ээлж эхлэхээс [24] цагийн өмнө Платформоор цуцлах;
- ажлын байранд Ажил олгогчийн хөдөлмөрийн аюулгүй байдал, дотоод журмын зааврыг дагах;
- Ажил олгогчтой тохиролцоогүй бол хүлээсэн ажлаа бусдаар гүйцэтгүүлэхгүй байх.
4.7. Ажилтан баталгаажсан Ээлжээ шалтгаангүйгээр давтан тасалбал Компани түүний Ажлын хүсэлт илгээх эрхийг [7 хоног хүртлэх] хугацаагаар хязгаарлаж болно.
4.8. Хэрэглэгч Бүртгэлээ хүссэн үедээ устгаж болно. Устгахаас өмнө хүлээн зөвшөөрсөн Ээлжийн үүрэг хэвээр үлдэнэ. Бүртгэлийн мэдээллийг Нууцлалын бодлогын 5-р хэсэгт заасан хугацаанд устгана.
5.Ажил олгогчийн эрх, үүрэг
5.1. Ажил олгогчийн эрх:
- Ажлын зар нийтлэх, засах, хаах;
- Ажлын хүсэлт илгээсэн Ажилтны зөвшөөрсөн мэдээлэлтэй Нууцлалын бодлогын 4-р хэсэгт заасны дагуу танилцах;
- Ажилтныг сонгох, татгалзах шийдвэрийг бие даан гаргах;
- Ажилтны Нөхцөл зөрчсөн үйлдлийн талаар Компанид мэдэгдэх.
5.2. Ажил олгогчийн үүрэг:
- Ажлын зарт ажлын агуулга, хөлс, цаг, байршил, байгуулах гэрээний төрөл, тавигдах шаардлагыг үнэн зөв, бүрэн тусгах;
- хөдөлмөрийн хөлсийг хуульд заасан доод хэмжээнээс багагүй тогтоож, тохиролцсон хугацаанд олгох;
- Ажилтантай хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулах, хувь хүний орлогын албан татвар суутгах, нийгмийн даатгалын шимтгэл төлөх зэрэг ажил олгогчийн үүргийг өөрөө хүлээх;
- 18 нас хүрээгүй хүнийг ажиллуулахгүй байх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах;
- Ажилтны мэдээллийг зөвхөн тухайн ажлын байранд сонгон шалгаруулах, ажилд авах зорилгоор ашиглах, гуравдагч этгээдэд дамжуулахгүй, задруулахгүй байх;
- Ажилтныг ажилд авсан бол гэрээ байгуулахад шаардлагатай нэмэлт мэдээллийг (регистрийн дугаар гэх мэт) зөвхөн Ажилтны зөвшөөрлөөр авах;
- Ажилтны мэдээллийг Платформоос гадуур хадгалсан бол тэр хэсэгт хувийн мэдээллийн хууль тогтоомжийн дагуу өөрөө мэдээлэл хариуцагчаар хариуцлага хүлээх.
5.3. Ажлын зарт тавигдах шаардлага. Дараах агуулгатай зарыг нийтлэхийг хориглоно:
- хууль тогтоомжоор хориглосон, эсхүл тусгай зөвшөөрөл шаардлагатай атал зөвшөөрөлгүй эрхлэх ажил;
- бэлгийн шинжтэй, эротик үйлчилгээ, садар самуунд уруу татах;
- пирамид схем, сүлжээний маркетинг, ажил хайгчаас урьдчилж төлбөр, барьцаа шаардсан ажил;
- бодит байдалд нийцэхгүй, төөрөгдүүлсэн, хамааралгүй мэдээлэл, өөр платформын холбоос;
- нас, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, хөгжлийн бэрхшээл зэргээр хуульд үндэслэлгүйгээр ялгаварлан гадуурхсан шаардлага;
- эрүүл мэнд, улс төрийн үзэл бодол, ял шийтгэл, бэлгийн чиг баримжаа зэрэг эмзэг мэдээллийг ажлын шаардлагагүйгээр шаардах.
5.4. Компани Ажлын зарыг нийтлэхийн өмнө болон дараа хянаж, 5.3-т нийцэхгүй бол засварлах, түр нуух, устгах эрхтэй бөгөөд энэ тухай Ажил олгогчид шалтгааныг нь мэдэгдэнэ.
5.5. Ажлын зарын агуулга, түүнээс үүдэх үр дагаврыг Ажил олгогч өөрөө хариуцна.
6.Компанийн эрх, үүрэг
6.1. Компани дараах үүрэгтэй:
- Платформын хэвийн, аюулгүй ажиллагааг хангах, доголдол гарвал Хэрэглэгчдэд мэдэгдэж, шуурхай засах;
- Хэрэглэгчийн хувийн мэдээллийг Нууцлалын бодлогын дагуу хамгаалах;
- Хэрэглэгчийн санал, гомдлыг 10.2-т заасан хугацаанд шийдвэрлэх;
- Нөхцөл, Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулахдаа 10.1-д заасны дагуу урьдчилан мэдэгдэх.
6.2. Компани дараах эрхтэй:
- Платформыг шинэчлэх, функц нэмэх, өөрчлөх, засвар үйлчилгээний үед түр зогсоох;
- Бүртгэл, Ажлын зарыг хянах, хуурамч, давхар Бүртгэлийг хаах;
- Нөхцөл зөрчсөн Хэрэглэгчид 7.4-т заасан арга хэмжээ авах.
6.3. Компани Ажилтан ажилд орох, Ажил олгогч ажилтан олох үр дүнг баталгаажуулахгүй бөгөөд Ажил олгогчийн сонгон шалгаруулалтын шийдвэрт оролцохгүй.
7.Хариуцлага
7.1. Ажил олгогч, Ажилтан хоёрын хооронд үүссэн ажлын гүйцэтгэл, чанар, хөдөлмөрийн хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой маргааныг тэд өөрсдөө шийдвэрлэнэ. Компани боломжийн хэрээр Платформ дахь холбогдох бүртгэл, мэдээллээр талуудыг дэмжинэ.
7.2. Хэрэглэгч Нөхцөл, хууль тогтоомжийг зөрчиж Компани, бусад Хэрэглэгчид хохирол учруулбал түүнийг хуульд заасны дагуу нөхөн төлнө.
7.3. Давагдашгүй хүчин зүйл (байгалийн гамшиг, цахилгаан, интернэт сүлжээний улсын хэмжээний тасалдал, эрх бүхий байгууллагын шийдвэр гэх мэт)-ийн улмаас үйлчилгээ тасалдсан бол Компани хариуцлага хүлээхгүй бөгөөд энэ тухай Хэрэглэгчдэд даруй мэдэгдэнэ.
7.4. Хэрэглэгч Нөхцөлийг зөрчвөл Компани зөрчлийн ноцтой байдлыг харгалзан дараах арга хэмжээний аль нэгийг авна:
- сануулга өгөх;
- тухайн Ажлын зар, контентыг устгах;
- Бүртгэлийг [7 хоног] хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;
- Бүртгэлийг бүрмөсөн хааж, дахин бүртгүүлэхийг хязгаарлах.
7.5. Компани арга хэмжээ авсан шалтгааныг Хэрэглэгчид мэдэгдэнэ. Залилан, бусдын амь нас, эрүүл мэнд, хувийн мэдээлэлд шууд аюул учруулсан тохиолдолд урьдчилан мэдэгдэлгүйгээр Бүртгэлийг түр хааж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.
7.6. Хэрэглэгч авсан арга хэмжээг эс зөвшөөрвөл мэдэгдэл хүлээн авснаас хойш [14] хоногийн дотор Компанид тайлбар гаргаж, дахин хянуулах эрхтэй.
7.7. Компанийн хариуцлагыг хязгаарласан Нөхцөлийн заалт нь Компанийн санаатай буюу илт болгоомжгүй үйлдэл, хувийн мэдээллийг хамгаалах хуулиар хүлээх үүрэгт хамаарахгүй.
8.Гуравдагч этгээдтэй хамааралтай нэмэлт нөхцөл
8.1. Платформ нь Ажилтныг таньж баталгаажуулах, мэдээллийг баталгаажуулах зорилгоор ДАН болон ХУР зэрэг төрийн мэдээллийн системтэй холбогдож ажиллана. Эдгээр системээс мэдээлэл татах нь зөвхөн Ажилтны Нууцлалын бодлогын 2-р хэсэгт заасны дагуу өгсөн зөвшөөрлөөр явагдана.
8.2. ХУР системээс авсан мэдээлэл төрийн мэдээллийн санд байгаа хэлбэрээрээ орж ирнэ. Мэдээлэл алдаатай бол Ажилтан түүнийг хариуцсан төрийн байгууллагад засуулж, Компани Ажилтны хүсэлтээр дахин татна.
8.3. Компани сервер байршуулалт, SMS, мэдэгдэл хүргэх зэрэг үйлчилгээг гэрээний үндсэн дээр гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно. Ийм этгээдэд хувийн мэдээлэл зөвхөн Нууцлалын бодлогын 4-р хэсэгт заасан хүрээнд дамжина.
8.4. Төрийн мэдээллийн систем, эсхүл үйлчилгээ үзүүлэгч түншийн системийн доголдлоос Платформын зарим функц түр ажиллахгүй байж болно. Энэ тохиолдолд Компани Хэрэглэгчдэд мэдэгдэж, хэвийн ажиллагааг сэргээх арга хэмжээ авна.
8.5. Платформд байршсан гуравдагч этгээдийн вэбсайт, холбоос нь зөвхөн мэдээллийн зориулалттай бөгөөд тэдгээрийн агуулга, үйл ажиллагааг Компани хариуцахгүй.
8.6. Хуульд заасан үндэслэлээр эрх бүхий төрийн байгууллага шаардсан тохиолдолд Компани Хэрэглэгчийн мэдээллийг Нууцлалын бодлогын дагуу хүргүүлнэ.
9.Бусад
9.1. Нууцлалын бодлого нь Нөхцөлийн салшгүй хэсэг байна.
9.2. Нөхцөлийн аль нэг заалт хүчин төгөлдөр бус болсон нь бусад заалтын хүчинтэй байдалд нөлөөлөхгүй.
9.3. Нөхцөлд Монгол Улсын хууль тогтоомж үйлчилнэ. Нөхцөл монгол хэл дээр бичигдсэн бөгөөд өөр хэлний орчуулгатай зөрвөл монгол хэл дээрх хувилбарыг баримтална.
9.4. Холбоо барих: Зеро Технологи ХХК, Хаяг: Режис Плэйс 402, Оргил стадион 1, Чингисийн өргөн чөлөө 33/2, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот 17011, Монгол улс, Утас: (+976) 72227244, Цахим шуудан: [email protected].
10.Нэмэлт өөрчлөлт, санал гомдлын шийдвэрлэл
10.1. Компани Нөхцөл болон Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах бол хүчин төгөлдөр болохоос [7] хоногийн өмнө Платформ болон бүртгэлтэй утас, цахим шуудангаар мэдэгдэж, гол өөрчлөлтийг товч тайлбарлана. Хэрэглэгч шинэчилсэн нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол Бүртгэлээ устгах эрхтэй.
10.2. Хэрэглэгч санал, гомдлоо Платформын ["Тусламж"] хэсгээс, эсхүл 9.4-т заасан хаягаар гаргана. Компани гомдлыг хүлээн авснаас хойш [10] ажлын өдрийн дотор шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ.
10.3. Хувийн мэдээлэлтэй холбоотой гомдлыг Компани шийдвэрлэж чадаагүй бол Хэрэглэгч Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст хандах эрхтэй.
10.4. Нөхцөлтэй холбоотой маргааныг талууд харилцан тохиролцох замаар шийдвэрлэх бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол Монгол Улсын харьяаллын шүүхээр шийдвэрлүүлнэ.